logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

Өдрийн сонины 2017.10.10-ны мягмар гарагийн дугаарт нийтлэгдсэн ярилцлага хүргэж байна.

Манайхан найр наадам, тэмдэглэлт баяр ёслолын үеэр голдуу нэг аягаар дамжуулж айраг, архи уудаг. Энэ тохиолдолд ямар өвчин халддаг вэ?

Их сонирхолтой асуулт байна. Нэгэнт уламжлалт найр хуримтай холбоотой асуулт байгаа болохоор Монголчуудын уламжлалт соёлын талаар товчхон мэдээлэл өгөх нь зөв байх. Монголчууд бидний нүүдлийн соёлын нэг чухал зүйл бол хүн бүр өөр өөрийн аяга халбагатай байсан байгаа юм. Тэрийгээ өвөртлөөд авч явдаг. Айлаар орохдоо ихэвчлэн өөрийн тагш аягандаа цай, хоол хийлгэж иддэг байжээ. Энэ нь эрүүл ахуй талаасаа маш сайн хэвшил. Өөрөөр хэлбэл ахуйн замаар дамжин халдварладаг халдвараас зан үйлээрээ өөрсдийгөө хамгаалдаг байсан байгаа юм. Харин хотжсон нийгэмд энэ зүйл үгүй болж хаа таарсан газраа нийтийн аяга таваг халбага хэрэглэж байгаа нь хеликобактери пилори тархах үндсэн нөхцөл болж байна.

Дээрх байдал нь халдварт өвчнүүдийн эх үүсвэр болж байна гэж ойлгож болох уу? 

Хеликобактери пилори нь ам-амны замаар буюу аяга халбага дамжуулан хэрэглэх, амнаас аманд хоол хүнс хуваан идэх, нэг савнаас хооллох, ундлах үед халдварлана. Мөн өтгөн амны зам буюу хүний өтгөнөөр бохирлогдсон эд зүйл, бохир гараар халдварладаг гэж үздэг. Тэгэхлээр дээрхи тохиолдолд нэг нэгэндээ хеликобактери пилорийн халдвар тархааж байх боломжтой.

Хеликобактери хүний биед байх ёстой юу? эсвэл байх ёсгүй юу? Хеликобактерийн хор хөнөөл юу вэ?

Хүн төрлөхтөн 1982 он хүртэл Хеликобактери пилори гэж байдаг үгүй мэддэггүй явжээ. Австралийн эрдэмтэн Бэрри Маршел, Робин Варен нар 1982 онд ходоод гэдэсний замд байрладаг хеликобактери пилориг нээн илрүүлжээ. Үүнийхээ дараагаар 2005 онд хеликобакери пилори нь ходоод гэдэсний үрэвсэл, шархлааг үүсгэдэг болохыг нээн илрүүлснээрээ Физиологи, Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэж байсан юм. Энэ цаг үеэс хойш энэ бактеритай холбоотой судалгаа шинжилгээ их хийгдэх болсон. Хеликобактерийн хоруу чанар өндөртэй Cag A уураг нийлэгжүүлэгч тип I, хоруу чанар багатай тип II гэж байна. Өөрөөр хэлбэл хоруу чанар өндөртэй типээр халдварласан үед үрэвсэл, шархлаа нь ходоодны хавдрын шатруу хурдан хүргэдэг. Монгол, Японы эрдэмтэд хамтраад хийсэн судалгаанаас харахад Монголчуудын 76 хувь нь Хеликобактерийн халдвартай байна. Эдгээр хүмүүсийн хеликобактерийн генотипийг нь судлаад үзэхэд баруун европт тархсан тип нь Монголчуудаас илэрсэн. Ази хүмүүс байж Зүүн өмнөд азийнханд тархсан тип нь илрээгүй харин баруун европчуудад тархсан тип нь илэрсэн нь бас сонирхолтой. Хеликобактерийн хор уршиг гэвэл ходоодны үрэвсэл, шархлаа үүсгэж тэр нь цаашлаад ходоодны хавдарт шилжих үндсэн шалтгаан болдог.

Аягаар, шүлсээр дамжих халдвараас хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

Сэргийлэх тал дээр хоёр талын хүчин чармайлт чухал. Мэдээж иргэн хүн гэртээ өөрийн гэсэн аягатай байж тэрийгээ бусдад хэрэглүүлдэггүй байх хэрэгтэй. Түрүүн хэлсэн халдвар дамжих замаас сэргийлэх хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Нөгөө нэг асуудал нь иргэн хүн хувийн ариун цэврээ ягштал баримталдаг байж гэхэд нийтийн хоолны газар аяга таваг, халбага сэрээгээ стандарт эрүүл ахуйн шаардлагын дагуу ариутгаж цэвэрлэдэггүй байвал тэгээд л тэндээс халдвар авчихна. Тэгэхээр л хеликобактериас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр талын хүчин чармайлт маш чухал юм.

Эцэг, эхчүүд хүүдийнхээ хоолыг амандаа хөргөж өгөөд байдаг. Үүнийг шүлсээр дамжуулан ээжийнхээ бүх өвчнийг авч байна гэж ойлгож болох уу? Эсвэл шүлсээр халдварладаг, халварладаггүй өвчин гэж байх уу?

Түрүүн хэлсэн халдвар дамжих замаа дахин саная. Хеликобактери ам-амны замаар дамжина. Монголчууд бидний дунд түгээмэл байдаг буруу зуршил бол хүүхдүүддээ амаараа хоолоо өгдөг нь хамгийн буруу. Энэ нь ганцхан Хеликобактери дамжуулаад зогсохгүй буйлны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсгэдэг олон төрлийн бактерийг шууд дамжуулдаг. Энэ үйлдэл бол хүүхдээ хорлож байгаа тод жишээ. Судлаач Г.Отгонсүрэн нарын хийсэн “Хүүхдийн дундах хеликобактерийн тархалт”-ын судалгаагаар 65–100% халдвартай байна гэсэн дүн гарсан байгаа юм. Хүүхэд эхээс төрөхдөө хеликобактеритэй төрдөггүй гэдгийг л санах хэрэгтэй.

Олон улсад хеликобактериас хэрхэн сэргийлж байна вэ?

Иргэн хүн өөрөөс хамаарах хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Хэрвээ Хеликобактерийн халдвартай байгаа тохиолдолд нарийн мэргэжлийн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Нэг ажиглагддаг буруу зүйл бол Хеликобактерийн халдвар илэрсэн мөртлөө нэг нэгнээсээ сургаар сонссон судлагдаагүй, нотлогдоогүй элдэв зүйл хэрэглэх тохиолдол ажиглагддаг энэ хамгийн буруу. Хеликобактери бүрэн эмчлэгддэг. Харин нарийн мэргэжлийн эмчид хандаж олон улсад хэрэглэгддэг эмчилгээний стандарт, аргачлалаар эмчлүүлэх нь чухал юм.

Ярилцсанд баярлалаа.

Агуулга: , ,

Сэтгэгдэл