logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ, УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИС НЭРС ЖИМСГЭНД АГУУЛАГДДАГ

Гүн хөх өнгөтэй, исгэлэн амттай, биологийн идэвхт бодисын өндөр агууламжтай Монгол оронд ургадаг 60 гаруй төрлийн зэрлэг жимсгэний нэг нь нэрс билээ.

Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар, Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар байгалийн зэрлэг нэрс элбэг ургадаг бөгөөд сүүлийн хагас зуун жилд Канад, АНУ-д ихээр тармилжуулах болжээ. Өвслөг ургамалын төрөлд хамаарах энэхүү жимсгэнэ нь уугуул Америкчуудын хүнсний үндсэн хэрэгцээ болж байж. Харин Европт зэрлэгээр ургадаг нэрс ховор ч тарималжуулан хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Хамгийн сүүлд хэрэглээндээ тарималжуулж нэвтрүүлсэн улс бол Австрали тивийнхэн юм.

Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хэрэглээнд нэвтэрсэн байсан жимсгэнийг орчин цагт судалж, шинжилж, илрүүлсэн эрүүл мэндийн ашиг тусыг танилцуулья.

НЭРС – ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛДЭЛТЭЙ

Илчлэг бага, шим тэжээл өндөр

Хоол хүнсийнг их идэхдээ бус илчлэг багатай шимт бодис өндөртэй хүнсийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэхийг шим тэжээл судлаачид санал болгодог. Нэрс жимс нь 100 грамдаа 57 ккал илчлэг, 14 гр эслэгийн агууламжтай нүүрс-ус, 0.7 гр уураг агуулна. Харин өөх тос, холестролын агууламжгүй. Амин дэм А, С, В-6, К-ийн агууламж өндөртэй. Илчлэг бага шим тэжээл их агуулах учир илүүдэл жингээ хасаж байгаа хүмүүст хамгийн зохистой хүнс юм.

 

Цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг

Эд эсэд бодисын солилцоо явагдах энергийн эх үүсвэрийг хоол хүнснээс авдаг. Бидний идсэн хоол хүнс (нүүрс-ус) нь хоол боловсруулах замаар задарсаар цусанд глюкоз хэлбэрээр очино. Цусан дахь глюкоз нь эсэд нэвтэрч энергийн эх үүсвэрийн үүргээ гүйцэтгэдэг. Цусанд байх глюкоз шууд эсрүү нэвтэрч чаддаггүй. Глюкозыг эсрүү нэвтрүүлдэг гол түлхүүр нь нойр булчирхайн бета эсээс ялгарах инсулин хэмээх дотоод шүүрлийн даавар юм. Инсулин нь эсийн мембран дээрх инсулины рецептортой холбогдсоноор глюкозыг эсрүү нэвтрүүлэх GLUT4 хэмээх хаалга нээгдэнэ. Ингэснээр глюкоз эс дотор орж бодисын солилцоонд оролцдог юм.

Чихрийн шижин II хэв шинжийн үед инсулины дутагдал, инсулин мэдрэг чанар буурах гэсэн 2 ойлголт гарч ирдэг. Инсулины дутагдал гэдэг нь нойр булчирхайгаас инсулин ялгарахгүй болсноор цусан дахь глюкоз эсрүү нэвтрэн орж бодисын солилцоонд оролцож чадахгүй болж цусанд идэвхгүй хэлбэрээр эргэлдэхийг хэлнэ. Харин инсулин мэдрэг чанар буурах гэдэг нь эсийн мембран дээр байх инсулины рецептор нь инсулиныг таньж чадахгүй болж улмаар глюкозыг эсэд нэвтрүүлдэг GLUT4 хаалга нээгдэхгүй болохыг хэлж байгаа юм.

Нэрс жимсгэнд агуулагдах хамгийн онцгой биологийн идэвхит нэгдэл нь антоцианин хэмээх бодис юм. Энэхүү бодис нь эсийн мембран дээр байрлах идэвхгүй, дөжирсөн инсулины рецепторыг сэргээж өгдөг үйлдэлтэй болох талаар эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлэгдсэн байна. Антоцианин нь инсулин мэдрэг байдлыг нэмэгдүүлснээр цусан дахь глюкозыг бууруулах үйлдэлтэй байна. Энэ чанараараа чихрийн шижин II хэв шинжийг үед үр дүнгээ өгөхөөс гадна урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой юм.

Бөөр шээсний замын үрэвсэл

Бөөр шээсний замыг үрэвсүүлдэг гол бактери нь E.Coli юм. Нэрс жимсгэний шүүс тогтмол хэрэглэдэг хүмүүст энэхүү бактерийн гаралтай бөөр шээсний замын үрэвсэл бага тохиолддог болохыг судалгаагаар тогтоосон байна. Нэрсэнд агуулагдах биологийн идэвхит нэгдэл нь бөөр шээсний замын хучуур эд дээр E.Coli бактери холбогдох үйл явцыг дарангуйлдаг хэмээн судлаачид үзэж байна.

Мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй

Нэрс жимсгэнд агуулагддаг Галликийн хүчил нь мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлдэг болохыг Бразил, Хятадын судлаачид туршилтаар нотолжээ. Бөөр шээсний замын мөөгөнцрийг үүсгэдэг Candida Albicans-ийн үйлдлийг Галликийн хүчил дарангуйлдаг байна.

 

НЭРС – ЗАЛУУЖУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ

Байгалийн хүчтэй антиоксидант

Хүнийг биеийг ойролцоогоор 37.2 триллион эс үүсгэж байдаг. Эдгээр эсүүд өөр өөрийн гэсэн амьдрах хугацаатай. Эсүүд өөрийн үүргээ гүйцэтгэж дуусаад үхдэг. Хамгийн сайхан нь тэр үүргийг нь гүйцэтгэх залуу эсүүд шинээр үүсч байдаг. Гэхдээ мэдрэлийн эсээс бусад нь. Хүнд 100 тэрбум мэдрэлийн эс бүрэлдэж эдгээр эс нь амьдралын туршид үхсээр байдаг. Нөхөж шинэ эс үүсдэггүй ганц эс бол мэдрэлийн эс юм.

Эс өөрийн үүрэгт хугацаанаас өмнө үхэх тохиолдол их бий. Хүрээлэн буй орчны бохирдол, буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэргээс хүний биед эсийг эрт задалж үхүүлдэг хэт исэлдэлүүлэгчид үүсдэг байна. Хэрвээ эдгээр хэт исэлдүүлэгчид ихээр хүний биед үүсвэл эрүүл эд эсүүд ихээр үхэж олон төрлийн өвчин тусах, хавдар үүсэх, эрт хөгшрөх, дархлаа тогтолцоо сулрах зэрэг үр дагаварт хүрнэ. Харин эдгээр хэт исэлдүүлэгч бодисын эсрэг үйлчилдэг нэгдлийг антиоксидант (анти-эсрэг, оксидант-исэлдэлт) гэдэг. Антиоксидантыг биедээ ихээр авснаар биеийг эсийн түвшинд эрүүлжих үйлчлэл үзүүлнэ. Эсийн түвшинд эрүүлжээд ирэхээр хүн залуужиж эхэлдэг. Антиоксидант бодис нь арьсны эластин, коллаген ширхэгийн задралыг багасгаж нийлэгжүүлэлтийг нэмэгдүүлснээр арьсны өнгө сэргэж үрчлээ багасдаг. Эсийн түвшинд эрүүлжүүлж арьсны илрэлээр залуужуулах идэвхт бодис бол антиоксидант билээ. Байгалийн зэрлэг нэрс нь антиоксидантаар баялаг юм.

Тархины үйл ажиллагаа сэргээх, ой тогтоолт сайжруулах

Мэдрэлийн эс нейрон нь хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодист их мэдрэг юм. Өөрөөр хэлбэл тархинд очих цусан хангамжинд дахь хүчилтөрөгчийн ханамж, био идэвхит бодис дутагдагахад мэдрэлийн эс хурдан гэмтэж үхдэг байна. Агаарын бохирдол, стресс бухимдал нь мэдрэлийн эсэд хэт исэлдэлт үүсгэх үндсэн эрсдэлт хүчин зүйл. Мэдрэлийн эсийн бодисын солилцоо буурснаар мэдрэлийн эс хооронд мэдээлэл дамжих хурд удааширч сэтгэн бодох чадвар, ой тогтоолт мууддаг байна.

Байгалийн нэрс жимсгэнд агуулагдах антоцианин, кафейк хүчил нь хүчтэй антиоксидант чанартай. Иймд мэдрэлийн эсийн гэмтлээс хамгаалах, эс эрт үхэхээс сэргийлнэ. Мэдрэлийн эсийн бодисын солилцоо идэвжсэнээр сэтгэн бодох чадвар, ой тогтоох чадвар нэмэгдэнэ.

 

НЭРС – УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ

Монгол хүний дундаж наслалт 69 байгаа нь азийн орнуудын дундаж наслалтаас 3 насаар бага байгаа юм. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл хоёрт хавдрын өвчлөл орж байна. Нас баралтын тэргүүлэх шалтгаант зүрх судасны өвчинд зүрхний шигдээс, тархинд цус харвалт, артерийн гипертензи зэрэг орно.

Судасны хатуурлын эрсдлийг бууруулна

Нэрсэнд агуулагддаг био идэвхит флавнойд антоцианин нь судасны хатуурлыг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл муу өөх тос (бага нягтралттай липопротейд) –ийг цуснаас цэвэрлэх үйлчлэлтэй болохыг нотолсон олон судалгаа байдаг. Мөн энэхүү идэвхит бодис нь артерийн гипертензи (даралт ихсэлт)-ийг багасгаж байгаа тогтоожээ. Иймд нэрс жимсийг тогтмол хэрэглэснэр зүрх судасны эмгэгийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулаад зогсохгүй даралт ихсэх шинж тэмдгээс ангижрах нь байна.

Эсийн гажигралаас хавдар үүсдэг

Гадаад дотоод шалтгаант хавдар үүсгэгч канцоргены нөлөөгөөр эсийн ДНХ гэмтэж, гажигралд орж эс эрт үхэх эсвэл зохицуулгагүйгээр эс хэт ихээр олшрох процесс үүсдэг. Энэхүү хэт ихээр хуваагдан олширсон эсийг хавдар хэмээн нэрлэдэг.

Байгалийн зэрлэг нэрсэнд агуулагддаг өндөр идэвхит полифенол флоавнойд антоцианин нь хүчтэй антиоксидант юм. Хэт исэлдүүлэгч болон эсийн гэмтлийг энэхүү антиоксидант нь 20%-иар бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Иймд нэрс жимсийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлснээр эрүүлжих, залуужих, урт наслах болно гэдгийг баттай хэлэх байна.

 

НЭРС, БАНАНАТАЙ ОВЪЁОСНЫ ЖИГНЭМЭГ

НЭРСНИЙ ХОЛИМОГ (Blueberry Smoothie)

Үйлдэл:

Эрүүлжүүлэх, залуужуулах, урт наслуулах бүрэн үйлчлэлтэй. Эсийн гэмтлээс хамгаалах, цусан дахь өөх тос багасгах, илүүдэл жин бууруулах үйлдэл нь судалгаагаар баталгаажсан.

Орц:

Нэрс /байгалийн зэрлэг/ – 100гр

Банана – 1ширхэг

Бууцай – 20 гр

Цагаан гаа – нимгэн 3 зүсэм

Тараг – 100гр

Хийх аргачлал:

Дээрхи орцоо автомат холигчинд хийгээд шигд холигдтол нь эргүүлнэ.

Хэрэглэх тун, хэмжээ:

Өдөр бүр 1 аяга нэрсний холимог ууж байх нь эрүүл мэндийн тустай.

Агуулга: , , ,

Сэтгэгдэл