logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

Засгийн газрын мэдээ сонины 2019.12.19-нд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.

Шинэ жилийн баярын үеэр эмэгтэйчүүд жингээ хасах зорилгоор хэдэн өдрөөр ч хамаагүй мацаг барьдаг. Тэр бүү хэл саяхан нэгэн эмэгтэй нас барсан тохиолдол ч гарсан. Тиймээс хэрхэн зөв мацаг барих болон ямар хүмүүс мацаг барьж болдоггүй талаар Цахим эмч Б.Баярбямбатай ярилцлаа.

-Шинэ жилээр өмсөх даашинзнаасаа болоод мацаг барьж байгаа гэж ярих бүсгүйчүүд цөөнгүй байна. Жингээ хасахын тулд хэрхэн зөв мацаг барих талаар зөвлөгөө өгөхгүй юу? 

-Мацаг гэдэг нь хоол сойх үйл явц юм. Хүмүүс мацаг барина гэхээр 24, 48, 72 цагаар урт хугацаанд шим тэжээл буюу хоол хүнс хэрэглэхгүйгээр зөвхөн шингэн зүйл ууна гэж ойлгодог. Турахын тулд мацаг барина гэдэг буруу хандлага. Тэгэхээр мацаг барих гэж байгаа бол эхлээд улирлыг тооцох хэрэгтэй. Хүйтэн, сэрүүний улиралд урт хугацааны мацаг барьдаггүй. Хэрвээ дулааны улиралд мацаг барих гэж байгаа бол эхлээд завсарлагатай аргачлалыг сонгох хэрэгтэй. Дараа нь урт хугацааны мацаг барихыг зөвлөе. Гэхдээ мацаг барихаасаа өмнө элэг болон бөөрний үйл ажиллагаа хэвийн эсэхийг мэдэхийн тулд шинжилгээ өгөх хэрэгтэй. Үүний дараа эмчийн заавраар мацаг барих ёстой. Түүнээс биш жингээ хасах гэж байна гээд хүйтэн, сэрүүний улиралд гэнэт 3-4 хоногоор хоолоо сойх нь эргээд тухайн хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг. Эмэгтэйчүүдэд анхааруулж хэлэхэд жүүстэй мацаг гэж байдаггүй. Тиймээс бүх зүйлийг мацагтай холбох нь хэтэрхий өрөөсгөл ойлголт.

-Та завсарлагатай мацгийн талаар ярьсан. тодруулж өгөхгүй юу? 

-Орчин үед завсарлагатай мацаг барих аргачлалыг хэрэглэх болсон. Хамгийн түгээмэл  хэрэглэдэг хоёр төрлийг нь танилцуулъя. Эхнийх нь 5:2 гэдэг аргачлал. Энэ нь ямар учиртай вэ гэхээр долоо хоногийн хоёр өдөр мацаг бариад таван өдөр нь та энгийн хоолоо идээд явахаар зохицуулж өгдөг. Тухайлбал, та мягмар, пүрэв гарагт мацаг барьж бусад өдөр нь энгийн хоолоо иднэ гэсэн үг. Энгийн хоол гэхээр хүн хоногт дунджаар 2000 ккал илчлэгийг хоол хүнсээрээ авч байх ёстой гэж үздэг. Харин мацаг барихдаа хов хоосон байхыг зөвлөдөггүй. Өдөрт 500- 600 ккал илчлэгтэй хүнсийг нэг удаа хэрэглэхийг зөвлөдөг. Дараагийнх нь 16:8 гэдэг аргачлалыг завсарлагатай мацаг гэдэг. Хоногт 24 цаг байдаг бөгөөд үүний найман цагийг нь унтаж өнгөрүүлдэг. Үлдсэн 16 цагийг ажил, амьдралдаа зарцуулдаг. Үүний найман цагт нь хоолоо сойгоод үлдсэн найман цагт нь хоолоо идэж болох аргачлалыг хэлдэг. Тодруулбал, 12:00-20:00 цаг хүртэл та хоол иднэ. Харин 20:00 цагаас маргааш өдрийн 12:00 цаг хүртэл мацаг барих юм. Тэгэхээр өглөөний цайгаа 12:00 цагт ууна гэсэн үг.

-Мацаг барихад хориглох зүйл байдаг уу? 

-Жирэмсэн хүн мацаг барихгүй. Мөн ходоод гэдэсний үрэвсэлтэй хүмүүс хоол сойх нь зөв зүйл биш. Гэхдээ ходоодны шархтай, үрэвсэлтэй хүмүүс 12:00 цаг хүртэл хоол сойхгүйгээр 18:00 цагаас хойш юм идэхгүй байж болно. Энэ арга нь ямар нэгэн өвчтэй хүмүүст тохиромжтой. Тэгэхээр хүн бүр ижил зарчмаар явж болохгүй. Өөртөө тохируулах хэрэгтэй.

-Завсарлагатай болон урт хугацааны мацаг барьж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ? 

Мацаг барина гэхээр юу ч идэж, уухгүй байна гэсэн үг биш. Хүний биед шимт бодисоос гадна шингэн хэрэгтэй. Тиймээс мацаг барьж байх хугацаандаа өдөрт хамгийн багадаа 250 мл хэмжээтэй, найман аяга ус уух ёстой. Мацаг барих гол зорилго нь бие махбодоо цэвэршүүлж, эрүүлжүүлэх учир цэвэрлэгээний цай уухыг зөвлөдөг. Анхааруулах ёстой зүйл гэвэл, мацаг барьсны дараа зөвөөр тайлах нь их чухал байдаг. Тиймээс өглөөний цайндаа гликемик индекс багатай буюу нүүрсний агууламж багатай хүнсийг түлхүү хэрэглэж байх ёстой. Завсарлагатай мацгийг 7-14 хоногоос хэтрүүлэх хэрэггүй. Хоол сойж буй үед өөх тос, уураг, нүүрс буюу хүний бие махбодод шим тэжээл өгдөг зүйлийг хэрэглэх ёсгүй. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хамгийн тохиромжгүй зүйл. Түүнчлэн цай, кофегоо чихэргүй хэрэглэх хэрэгтэй гэсэн зарчмууд бий.

-Зөв мацаг барьж чадвал ямар үр дүнд хүрэх вэ? 

-Мацаг барих үед өөх шатаалт маш хүчтэй явагддаг. Тодруулбал, хоолоо сойх үед дотоод хуримтлагдсан өөх тосыг задлах замаар энерги гаргаж, өөхийг шатаадаг. Үүний дараа нөөц энергиэ шатаах явцад бие махбодод дотоод хүчил шүлт үүсдэг.Үүний нөлөөгөөр бие махбодод эсийн дотоод хооллолт буюу аутофаги механизм өрнөж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотроосоо цэвэршиж эхлэх юм. Ингэснээр мацаг барьсан хүний бие эрүүлжиж, залуужихаас гадна урт насална. Түүнчлэн эрүүл амьдралын хэв маягийг зохистой хэрэглээд ирэхээр жин хасагдах нь ойлгомжтой зүйл шүү дээ. Мацгийг тодорхой хугацаатай, зөв зохистой барихгүй бол өөхийг шатааж дуусгаад бидний булчинг задалж эхэлдэг. Тэгэхээр аль ч аргачлалыг сонгосон хугацааг хэтрүүлж болохгүй. Буруу мацаг баривал таны биед сөрөг нөлөөтэй. Анх удаа мацаг барьж байгаа хүн 24, 48, 72 цаг болон олон хоногоор барих нь зохисгүй. Тиймээс завсарлагатай мацаг барих аргачлалыг сонгоорой.

-Ярилцсанд баярлалаа.

Агуулга: , , ,

Сэтгэгдэл