logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

Хоол хүнс нь ходоодонд задарч, нарийн гэдсэнд шим тэжээл нь шимэгдэж, бүдүүн гэдсэн хэлбэржиж шулуун гэдсээр гадагшилдаг. Бүдүүн гэдэсний хэмжээ урт хүмүүст өтгөн хатах нь элбэг тохиолддог. Гэхдээ бүдүүн шулуун гэдэс урттай хүн төдийлөн их биш. Тэгэхээр өтгөн хаталтын үндсэн шалтгаан нь юу идэж, юу ууж байгаагаас шууд хамаарна. 

ЯАВАЛ ӨТГӨН ХАТАХГҮЙ ВЭ?

Эслэг

Эслэг агуулсан хүнс нь хоол боловсруулах замд орж нарийн гэдсээр шимэгдэлгүй гадагшилдаг. Ингэхдээ гэдэсний хананд цочрол өгснөөр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж хоолны агууламжыг гадагшлуулах нөлөөтэй. Эслэг нь хоол боловсруулах замд шингэнийг өөртөө татаж эзэлхүүнээ ихэсгэснээр цадалт үүсгэх, гэдсэнд агуулагдах хоолыг шүүрдэж гаргах мэт үйлчлэлтэй.

Цэвэр ус

Өглөө босоод 2 аяга цэвэр ус ууж занш. Өдөртөө 8-10 аяга цэвэр ус ууж занших нь өтгөн хаталтаас сэргийлэхээс гадна. Эрүүл мэндэд олон талын тустай. Ус бага үед өтгөн хатах нь энгийн логик юм. Гадагшилж буй өтгөний ихэнх шингэн нь бүдүүн гэдсэнд эргэн шимэгддэг тул ус сайн ууснаар өтгөн хатахаас сэргийлнэ.

Идэвхтэй хөдөлгөөн

Идэвхтэй хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирч бодисын солилцоо түргэсч хоол боловсруулах үйл ажиллагаа эрчимжинэ. Ингэснээр гаргах ёстой өтгөнийг цаг тухайн үед гадагшлуулах суурь нөхцөл бүрдэнэ. Идэвхтэй хөдөлгөөн үгүй бол хоол боловсруулах замын үйл явц мөн идэвхгүй байх болно.

Ашигтай бактери

Тараг, айраг яагаад исдэг вэ? Тараг яаж бүрдэг вэ? Хөрөнгө хэмээх дээжийг хөөрүүлсэн сүүнд хутгаад дулаан орчинд хэсэг хугацаанд байлгаж тараг бүрдэг. Хөрөнгө гээд байгаа нь ашигтай бактери юм. Тараг бүрэх нь ашигтай бактери олшруулах үйл явц гэж болно. Тэгвэл тараг, айрганд агуулагдах ашигтай бактери өтгөн хаталттай ямар хамааралтай вэ? Хүний бие дэх ашигтай бактери бүдүүн гэдсэнд агуулагддаг. Бүдүүн гэдсэн хоол хүнсний задрал ялзралын биохимийн урвал явагдана. Эдгээр урвалд ашигтай бактери ашигтайгаар оролцох нь байна. Ашигтай бактери хомсдвол хоол боловсрох үйл явц ашиггүйгээр эргэж өтгөн хатах бас нэг хүчин зүйл болдог. Иймд өдөр бүр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ашигтай бактерийн талаар дэлгэрүүлж судлахыг хүсвэл пробиотик нэрээр хайгаад үзээрэй. 

Дээрхи 4 зүйлийг өдөр тутам дадуулад байхад өтгөн хатаад байвал та бүдүүн шулуун гэдэсээ дурандуулж оношлуулах шаардлагатай. Нэмээд нэг зүйл хэлэхэд кофе нь биеэс шингэнийг гадагшлуулдаг тул өтгөн хатуулдаг сөрөг талтай учир кофе уусан үедээ уух усны хэмжээгээ нэмэгдүүлээрэй. 

 

Хүндэтгэсэн,

Цахим Эмч

Агуулга: , , , ,

Сэтгэгдэл