БНХАУ-ын холбогдох байгууллагууд нь Ухань хотын эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөнд хийсэн шинжилгээний урьдчилсан хариугаар шинэ Коронавирусийн үүсгэгч тодорхойлогдсоныг мэдээлсэн байна. Хятадын судлаачид өвчтөний сорьцод үүсгэгчийн генийн дарааллын ялган дүйх шинжилгээг хийсэн. Богино хугацаанд шинэ вирусийг урьдчилсан байдлаар тодорхойлсон нь том ололт бөгөөд энэ нь БНХАУ-ын дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ авах чадавх нэмэгдсэнийг харуулж байна.
БНХАУ-ын холбогдох байгууллагуудаас өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн уушгины хатгалгааны тохиолдлуудтай холбоотой ажил эрхлэлт, байршил, шинж тэмдгүүд зэрэг урьдчилсан мэдээлэл нь Коронавирусийг өвчлөлийн эх үүсвэр байж болзошгүйг харуулж байсан. Түүнчлэн лабораторийн шинжилгээний хариу SARS-CoV, MERS-CoV, томуу, шувууны томуу, Аденовирус болон бусад амьсгалын замын халдварын түгээмэл үүсгэгчдийг үгүйсгэсэн болохыг БНХАУ-ын холбогдох байгууллагаас мэдээллээ.
Коронавирус нь вирусийн том омог бөгөөд зарим нь ханиад гэх мэт хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэдэг бол зарим төрлийн вирус нь MERS, SARS гэх мэт хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Зарим тохиолдолд халдвар хүнээс хүнд амархан дамждаг бол зарим нь дамждаггүй. БНХАУ-ын холбогдох байгууллагуудын мэдээлснээр шинэ вирус нь зарим өвчтөнд хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, хүнээс хүнд амархан дамждаггүй байна.
Коронавирусын халдварын дэгдэлт нь дэлхийн хэмжээнд өөр өөр газар нутагт гардаг. Тухайлбал, 2002 онд SARS, 2012 онд MERS-ийн халдварын дэгдэлт гарч байсан. Амьтдын дунд тархсан зарим Коронавирусийн халдвар хүнд дамжсан тохиолдол гараагүй байна. Тандалт судалгааг сайжруулснаар Коронавирусийг илүү сайн илрүүлэх боломжтой юм.
БНХАУ нь амьсгалын замын өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ авах нийгмийн эрүүл мэндийн болон хүний нөөцийн чадавх маш сайн юм. Эрүүл мэндийн ажилтнууд өвчтөнүүдийг эмчлэх, шинэ тохиолдлыг илрүүлэн тусгаарлахаас гадна хавьтал илрүүлэх, далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалах захын үйл ажиллагаанд орчны үнэлгээ хийх, дэгдэлтийн үүсгэгчийг тодорхойлох тандалт судалгааг хийж байна.
Цаашид дэгдэлтийн нөхцөл байдал, тархвар судлал, эмнэлзүйн явцыг ойлгоход илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй. Мөн халдварын эх үүсвэр, дамжих зам, тархалтын байдлыг тодорхойлж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт-шинжилгээ хийх шаардлагатай байна. ДЭМБ нь нөхцөл байдлыг хянаж, түнш байгууллагуудтай хамтран тухайн дэгдэлтийг судалж, хариу арга хэмжээ авахад нь БНХАУ-д техникийн
туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Вирусийн шинэ омгийг урьдчилан тодорхойлсон нь бусад улс орны холбогдох байгууллагууд өвчнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авахад дэмжлэг болно. Олон улсын нисэх буудлуудад өнгөрсөн 7 хоногт Ухань хотод зорчсон, уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг илрүүлсэн.
ДЭМБ нь аялагчдад тусгайлсан арга хэмжээ авах зөвлөмж өгөөгүй болно. Мөн одоогийн байдлаар байгаа мэдээлэлд тулгуурлан БНХАУ-д аялал жуулчлал, худалдааны хязгаарлалт тавихгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж:
https://www.who.int/china/news/detail/09-01-2020-who-statement-regarding-cluster-of-pneumonia-cases-in-wuhan-china?fbclid=IwAR0IMprgwPJ0BLCQ-4v5mWMZx5OzFVH7wNDUCeCehlk56g-3W3LU4sg3qGE
Агуулга: вирус, ДЭМБ, уушгины хатгалгаа
Сэтгэгдэл