logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

ВИРУСТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Хүний аукариот эсээс 100 дахин жижиг, бактериас 20 дахин жижиг хэмжээтэй бичил биетэн бол вирус (100нм хэмжээтэй) юм. Хүн төрөлхтөн вирустай танилцаад 100 жил ч хүрээгүй байгаа хэдий ч тэдний 5000 гаруй төрлийг нээгээд байгаа ба тэд бол дэлхий дээрх хамгийн түгээмэл биологийн нэгж билээ. Бид тэднийг саяхан таньж мэдсэн ч тэд хүн төрөлхтнийг эртнээс мэддэг байв. Тэдний зарим нь үхлийн аюултай. Эрт дээр үеэс тахал нэрийн дор тэдний зарим төрөл нь хүн төрөлхтнийг хиар цохисоор иржээ. 14-р зуунд дэлхийн хүн ам дунджаар 450 сая байсан бөгөөд тэр үед европт “Хар үхэл” гэж нэрлэгдсэн тарваган тахал гарч 75 сая хүнийг авч оджээ.

Тэр үед хүн төрөлхтөн вирустай танилцаагүй байсан тул шашны талаас нь хүлээн авч бурхны гэсгээл хэмээн тайлбарлаж байв. Харин энэ цагт тахал нь бурхны гэсгээл бус бидэнтэй хоршин амьдардаг вирус нь хүн, мал амьтны биеэр дамжиж үржин олширч хувьсан өөрчлөгдөх замдаа биологийн бусад зүйлээ устгалд оруулж байгаа болохыг шинжлэх ухааны үүднээс таньж мэдсэн юм. 

Вирус нь өөрөө өөрийгөө хувилан олшруулах чадамжгүй. Олшрохын тулд вирус эхлээд амьтанд халдана. Амьтны эсэд өсөж үржихдээ вирус мутацид орж бүрхүүлийн уурагаа өөрчилнө. Ингэснээр хүний эсэд нэвтрэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл хүний эсэд нэвтрэх түлхүүр тааруулна гэсэн үг. Ингээд амьтнаас хүнд халддаг зоонозын өвчин байснаа дахин мутацид орж вирусын бүрхүүлийн уургийн рецептороо улам нарийсган хүнээс хүнд дамжин халдах боломжтой болно. Ийнхүү хүний эсэд бүрэн нэвтрэх универсал түлхүүртэй, гадна дүрээ бүрэн шинэчилсэн вирус хүний эсэд нэвтрэх үед бидний эс өмнө нь учирч байгаагүй тул дархлаа тогтоогүй байдаг билээ. Ийм болохоор мутацид орсон вирус бидэнд асар хортойгоор нөлөөлж цар тахалд хүргэдэг юм. 

Дэлхийн хэмжээнд тархсан томуугийн цар тахлуудаас дурдвал:  

1510 онд томуугийн тархалтыг анх бүргэснээс хойш 31 удаагийн цар тахал гарчээ. 20-р зууны хамгийн том цар тахал бол 1918-1920 оны хооронд үргэлжилсэн “Испанийн томуу” юм. Энэхүү цар тахлын үед 500 сая хүн халдвар авч 50 сая хүн нас барсан нь тухайн үеийн дэлхийн хүн амын 5% нь байжээ. Үүний дараа 1957-1958 онд үргэлжилсэн Азийн томуугийн үед 2 сая хүн нас барсан бол 1968-1969 онд үргэлжилсэн Хонгконгийн томуугийн үед 1 сая хүн нас баржээ. Хамгийн сүүлийн томуугийн цар тахал 2009 онд тархаж дэлхийн нийт хүн амын 10-20% нь халдвар авснаас 250 мянган тохиолдол нас баралтаар бүртгэгдсэн юм. Энэ томуугийн цар тахлыг үүсгэсэн вирус бол “Influenza H1N1” билээ.

Цар тахал гараагүй үед ч томуугийн олон хэв шинжийн вирусын нөлөөгөөр дэлхий нийтэд одоо жил бүр 250-500 мянган хүн нас барж байна. Хамгийн сүүлд 2009 онд томуугийн цар тахал үүсгэсэн вирус нь хүний ханиадны вирус, шувууны ханиадны вирус, гахайн ханиадны вирусын ген эвцэлдэн мутацилагдан томуугийн шинэ төрлийн H1N1 вирусыг үүсгэсэн гэж үздэг. Харин одоо энэхүү H1N1 вирус дахин дэгдэхэд хүн төрөлхтөн өмнөх шигээ сандрахааргүй болсон учир нь яг энэ вирусын эсрэг вакцин бүтээсэн, хүний биед дархлаа тогтсон билээ. 

Томуугийн вирусаас гадна хүн төрөлхтөнийг сандраасан нэг төрлийн вирус бол коронавирус юм. 

ТҮҮХ ИНГЭЖ ЭХЛЭВ

2002 оны 11 сар. 

Хятадын нэгэн тариачин гэнэт өвчилж, маш их халууран эмнэлэгт хэвтээд удалгүй нас барав. Талийгаачийн ойр дотныхон, нутгийнхан, тэр хавийн бүс нутгийнханд цочмог халуурч эхэлдэг шинж илэрч өвчилж эхлэв. 

2003 оны 2-р сарын 11. 

Хятадын өмнөд муж Гуанжуд амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт гарсан талаар Хятадын ЭМЯ-аас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээллэв. 

2003 оны 2-р сарын 21. 

64 настай эрэгтэй Хонгконгод хуриманд оролцохоор Гуанжугаас ирж олон орны зочид буудаг “Metropark” буудлын 911 тоотод бууджээ. Зочид буудлын тэр давхарт буудалласан 16 хүн халдвар авсан ба тэдгээр хүмүүс Вьетнамын Ханой, Сингапур, Канадын Торонтод уг халдварыг тараав.

2003 оны 2-р сарын 23.

Канадын жуулчин эмэгтэй Хонг Конгийн зочид буудлаас Торонто дахь гэрлүүгээ буцжээ. Тэр эмэгтэй 10 хоногийн дараа нас барж, удалгүй гэр бүлийн 5 гишүүн нь эмнэлэгт хүргэгдэв.

2003 оны 2-р сарын 28.

Ханойд ажиллаж байсан ДЭМБ-ийн эмч Карло Урбани Хонгконгод халдвар авсан өвчтөнийг эмчилсэн ба энэ өвчин нь өмнө бүртгэгдээгүй шинэ өвчин болохыг мэдэж “Цочмог хүндэрдэг амьсгал дутагдлын хам шинж” буюу SARS (Severe Acure Respiratory Syndrome) гэж нэрлэв.

2003 оны 3-р сарын 15.

SARS нь дэлхий дахинд аюултай болохыг ДЭМБ хүлээн зөвшөөрч, тусгаарлах, хөл хорио тогтоох замаар халдвар дамжилтыг таслан зогсоох арга хэмжээ авч эхлэв. Халдвар авсан хүмүүсийн 10% нь нас баралтаар төгсөж байв.

2003 оны 4-р сарын 16.

Энэхүү халдварыг урьд өмнө нь байгаагүй шинэ коронавирус үүсгэж байгааг дэлхийн 13 лабораторид тодорхойлов. “SARS – CoV” гэж нэрлэв

2003 оны 6-р сарын 30.

SARS-ын шинэ тохиолдол 2 долоо хоног бүртгэгдээгүй гэж ДЭМБ-ээс зарлав. Энэ халдвар 114 хоногийн турш тархаж, дэлхийн 29 улсад 8000 хүн халдвар авч 774 хүн нас барснаар дэгдэлт зогсов. 

КОРОНАВИРУС гэж хэн бэ? 

Коронавирус нь хүний аукариот эсээс 100 дахин жижиг, бактериас 20 дахин жижиг хэмжээтэй, электрон микроскопоор харахад тимэм (corona) хэлбэртэй харагддаг амьсгалын замын өвчлөл үүсгэдэг бичил биетэн юм. 1960 оны дунд үед анхны коронавирусыг нээн илрүүлснээс хойш өнөөгийн байдлаар 7 төрлийг нь хүн төрөлхтөн таньж мэдээд байна. Дурдвал HCov-229E, HCov-NL63, HCov-OC43, HCov-HKU1 зэрэг төрлүүдээр дэлхий дахинд өдөр тутам халдвар тархаж энгийн ханиад тусч байдаг. Харин 2003 онд нээсэн SARS-CoV нь сарьсан багваахайнаас хүнд халдаж цар тахал үүсгэсэн бол MERS-CoV нь тэмээнээс хүнд халдаж 2012 онд “Дундад дорнодын амьсгалын дутагдлын хам шинж” цар тахал үүсгэж байв. Харин 2020 онд шинээр нээгээд байгаа коронавирусыг 2019 Novel Coronavirus (2019-nCoV) шинэ коронавирус гэж нэрлэсэн бөгөөд энэ нь могойноос дамжин хүнд халдсан байх магадлалтай талаар мэдээллэж байна.

ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2019 оны 12-р сарын 31-ны он солигдох мөчид ДЭМБ-аас мэдэгдэл хийснээр энэ удаагийн асуудал эхэлсэн юм. Энэ бол Хятадын Хэвэй мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаараар хүмүүс өвчилсөн явдал байлаа. 2020 оны 1-р сарын 3-ны байдлаар 44 хүн өвчилсөн байв. Эдгээр хүмүүс Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний ойр орчимд ажиллаж амьдардаг хүмүүс байсан учир захуудыг хааж, ариутгаж эхэлсэн юм. Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааг ДЭМБ зарласнаас 7 хоногийн дараа буюу 2020 оны 1-р сарын 7-нд тус өвчний үүсгэгч нь өмнө бүртгэгдээгүй шинэ коронавирус болохыг зарласан юм. Хятадын засаг захиргаа, Хятадын ЭМЯ, ДЭМБ маш яаралтай арга хэмжээ авч эхэлсэн хэдий ч шинэ коронавирус аль хэдийн хил даван бүртгэгдэж эхэллээ. 

2020 оны 1-р сарын 13-нд Тайландад илэрснийг албан ёсоор мэдээллэсэн бол 2 хоногийн дараа Японд илэрснийг мэдээллэв. Үүний дараа 2020 оны 1-р сарын 20-нд Өмнөд Солонгост илэрсэн юм. Ийнхүү 19 сая хүн амтай Ухань хотоос эхэлсэн шинэ коронавирусын (2019-nCov) халдвар дэлхийн асуудал болж хувирсан юм. 

2020 оны 1-р сарын 27-ны байдлаар ДЭМБ-ийн мэдээллэснээр БНХАУ, ХонгКонг, Макао, Тайван, Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Вьетнам, Сингапур, Малайз, Непал, Австрали, Америк, Канад, Франц зэрэг орнуудад нийтдээ 2798 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 2761 нь тохиолдол нь БНХАУ-д бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар 80 хүн нас бараад байгаа бөгөөд ДЭМБ-аас энэ өвчний тархалтын эрсдэлийн зэргийн тодорхойлохдоо БНХАУ-ыг маш өндөр эрсдэлтэй, Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд өндөр эрсдэлтэй гэж дүгнэж байна. Одоогийн байдлаар нас баралтын хувь 3% байгаа юм. Харин 2003 оны “SARS-CoV” вирусын тархалтын үед нас баралтын хувь 10% байсан юм.

Коронавирус нь агаар дуслаар халддаг ба хүний биед халдсанаар 2-14 хоногийн хугацаанд нууц үе үүсгэж үүний дараагаас халуурах (98%), ханиалгах (75%), амьсгаадах, булчингаар өвдөх, ядарч сульдах (44%) шинжүүд илэрдэг байна. Одоогоор уг вирусын эсрэг өвөрмөц эмчилгээг олоогүй байгаа бөгөөд шинж тэмдэг бууруулах, хүндрэлээс сэргийлэх чиглэлээр эмчилгээ хийгдэж байна. 

КОРОНАВИРУС ба МОНГОЛ

2020 оны 1-р сарын 28-ны байдлаар Монголд коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байгааг ЭМЯ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газраас мэдээллэсэн. Хэдийгээр Монголд бүртгэгдээгүй байгаа ч хилийн цаана хаалга тогшоод байж байгааг санах хэрэгтэй. 2020 оны 1-р сарын 27-нд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 14 настай охин өндөр халуурч, ханиалгасан шинж тэмдэгтэйгээр биеийн байдал хүндэрч нас барсан талаар албаныхан мэдээллэв. Талийгаачаас дээж авч вирус судлалын шинжилгээ хийхэд Томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн байна. 

ХӨСҮТ-ийн дэргэдэх Томуугийн үндэсний төвөөс гаргасан тандалт судалгааны дүнгээс харахад 2019 оны эцсийн байдлаар томуугийн В хүрээний вирус зонхилж байсан бол он гараад А хүрээний H3N2 вирус зонхилж эхэлсэн байна. Энэхүү улирлын томуугийн вирус нь уушгины хатгалгаа үүсгэхээс гадна хүндрэл нь нас баралтанд хүргэдэг юм. 2019 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсад уушгины хатгалгаа оношоор 78141 тохиолдол, хүндрэл нас баралтаар 431 тохиолдол бүртгэгджээ. Дэлхийд жил бүр улирлын томуугийн хүндрэлээр 250-500 мянган нас баралт бүртгэгддэг байна.

Иймд улирлын томуу болон дэлхийд шинээр дэгдээд байгаа коронавирусын халдвараас хамгаалахын тулд дархлаа тогтолцоогоо тэнцвэртэй байлгах хэрэгтэй юм. Дархлаа тогтолцоо гэдэг нь хүний биеийн ерөнхий тамирыг илтгэнэ. Тамираа тэтгэхийн тулд нойр сайн авах, өөрт тохирсон идэвхтэй хөдөлгөөн хийж цусны эргэлтээ дэмжих, хүйтэн сэрүүний улиралд зохицсон уламжлалт хүнсээ сонгон хэрэглэх, элдэв сөрөг мэдээлэлд тархиа ядраахгүй байх нь хамгийн чухал юм.

Маскаа зүүж, гараа тогтмол угаах нь халдвараас сэргийлэх судлагдсан арга юм.

Хүндэтгэсэн, 

Цахим Эмч

Агуулга: , , ,

Сэтгэгдэл