Тасралтгүй 4 жил үргэлжилсэн суман бороонд нэвт шархадсан цэрэг эрс галын шугаман дээр бус эмнэлгийн орон дээр нас эцэслэж байв. Үхлийн шалтгаан нь шархийг идээлүүлэгч нянгийн эсрэг үйлчлэх сонгомол эмчилгээ үгүй байв. Энэ бол 1914-1918 онд үргэлжилсэн Дэлхийн I дайны үе байлаа.
Энх цаг ирснээс хойш 10 жилийн дараа 1928 онд Шотланд эрдэмтний лаборатори дахь нянгийн тэжээлт өсгөвөрийн бичил амьдрал дундаас нэгэн шидэт хүү мэндэлжээ. Түүний эхийг мөөгөнцөр овогт “Penicillium notatum” гэдэг байв. Олноороо ойр орчим эргэлдэгч, хүчирхийлэгч нянгуудаас мөөгөнцөр эхийгээ хамгаалахаар шидэт хүү мэндэлсэн байжээ. Өсгөвөрийн бичил амьдрал дахь энэхүү үйл явцыг ажигласан эрдэмтэн Александр Флеминг шидэт хүүд Пенициллин хэмээх нэр хайрлажээ. Энэ цагаас нян үжилт аюул ирэх бүрт шидэт хүүгээр хамгаалуулах болжээ. Шидэт хүүд Пенициллин нэр хайрласан эрдэмтэн Александр Флеминг 1945 онд Нобелийн шагнал хүртэв.
Шидэт хүүгийн Пенициллин хэмээх нэр алдар Дэлхийд түгэх болов. Энд тэндгүй шидэт хүүгийн нэртэй сурталчилгааны самбар. Боожгойноос идээ гарвал шидэт хүү, Шарх идээлбэл шидэт хүү, халуурвал шидэт хүү, ханиавал шидэт хүү, нус гоожвол шидэт хүү гэх болов. Шидэт хүү үнэхээр дэлхийд алдартай од болжээ. Дэлхий нийтээрээ ч шидэт хүүг гамгүй эдэлцгээв. Замбараагүй эдэлснийх нь үр дүнд шидэт хүүгийн нянт дайснууд хуяглан тэсвэржив, улам хүчирхэгжив. Нэг үе бүхнийг дийлдэг шидэт хүү Пенициллин байсан бол хэдхэн жилийн дараа хэнд ч хэрэггүй хогийн хүү Пенициллин болж хувирав. Яг л мандахад нь архиар угжиж гундахад нь гудамжинд гаргаж хаядаг мөн чанараа шидэт хүүд хүн төрөлхтөн гаргав.
Эрдэмтэд чөмгөө дундартал сууж шидэт хүүгийн дүү нарыг төрүүлэв. Стрептомицин, Сульфониламид, Нитрофуран, Хлорамфеникол, Цефалоспроин, Эритромицин, Метронидазол, Макролид… гэх мэт 100 гаруй шидэт хүүг энэ хугацаанд өлгийдөн авсан боловч анхны шидэт хүү Пенициллины гунигт түүх ихэнхид нь давтагджээ. Одоо 40 хүрэхгүй хэмжээний шидэт хүү л нянгийн эсрэг зогсож шидийг үзүүлж байна. Шидэт хүү бүрийг гамгүй эдэлсээр хогийн хүү болгож байна. Хогийн хүү болгох хэрээр нянгууд хоорондоо улам батжин ямар ч шидэт хүүд дийлдэхээргүй хүчирхэгжиж байна. Тэд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг Дэлхийд тунхаглаж “Super Bug” нэрээ цуурайтуулсаар…
Бид шидэт хүүг гамгүй эдэлснийхээ горыг 2050 он гэхэд эдлэх хэмжээнд хүрчээ. Тэр цагт ямар ч шидэт хүү үгүй болж Super Bug дэлхийд ноёлж хүн төрөлхтөн идээ бээрэндээ баригдана. Жилдээ 10 саяаараа хорвоог орхих хэмжээнд хүрснийг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар… Харин бид цөөхөн үлдсэн хэдхэн шидэт хүүг гамгүй эдэлж гунигт түүхийг үргэлжлүүлсээр байна. Цөөхөн үлдсэн шидэт хүүгээ хайрлацгаая.
Хүндэтгэсэн,
Цахим Эмч
Агуулга: антибиотик, нянгийн тэсвэржилт, пенициллин
Сэтгэгдэл