Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн (2020.11.30-12.06 өдөр)-ийн мэдээгээр нарийн, бүдүүн ширхэглэгт тоосонцор (PM2.5, PM10), азотын давхар исэл (NO2), хүхрийн давхар исэл (SO2) хүлцэх хэмжээнээс их байсаар байна. Дээрх агаар бохирдуулагчийн агууламж дунд анхаарал татахуйц нь хүхрийн давхар ислийн хэмжээ 24 цагийн дундаж үзүүлэлтээр 428 мкг/м3 байгаа нь хүлцэх хэмжээнээс 8.5 дахин их, харин 2019 оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин ихэссэн байна. Энэ бол сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш хүхрийн давхар исэл нэмэгдсэн тоон үзүүлэлт юм.
Харин шахмал түлш хэрэглэж эхлээгүй түүхий нүүрс хэрэглэж байсан 2017 оны 12-р сарын мөн үед хүхрийн давхар исэл нь 24 цагийн дундаж үзүүлэлтээр 98 мкг/м3, 2018 оны 12-р сард 204 мкг/м3 хэмжээтэй байжээ. Түүхий нүүрс хэрэглэж байсан 2017 оныг сайжруулсан шахмал нүүрс хэрэглэж байгаа 2020 онтой харьцуулахад хүхрийн давхар исэл өмнөх үеэс 4.4 дахин ихэссэн болохыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гаргадаг Улаанбаатар хотын агаарын чанарын тайлан мэдээ харуулж байна.
Хүхрийн давхар исэл нь хүхэр агуулсан түлшний дутуу шаталтын дүнд үүсдэг. Хүхрийн давхар исэл (SO2) нь хийн төлөвтэй учир маск зүүсэн үед ч амьсгалын замаар дамжин хүний биед нэвтрэх боломжтой. Энэхүү хорт хий нь хүний биед нэвтрэн орсноор хэсэг газрын дархлаа сулрах ингэснээр агаар дуслаар дамжих вирус, бактерийн халдварт өртөх эрсдэл нэмэгддэг. Мөн цусаар дамжин тархинд нөлөөлснөөр ерөнхий хордлогын шинж үзүүлдэг. Үүний тод жишээ нь толгой өвдөх, дотор муухайрах, огиулах бөөлжих шинжээр илэрдэг. Хүхэрлэг хийнд хамгийн мэдрэг нь бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, уушги зүрхний архаг эмгэгтэй хүмүүс, ахмад настангууд ордог.
Түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэл хотруу оруулахыг хориглож сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдол 50 хувь буурна хэмээн үзэж 2018 оны 2-р сарын 28-ны өдрийн дугаар 62 тоот Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэхүү тогтоолоор 2019.05.15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм. Тус тогтоолын хүрээнд Эрдэнэс таван толгой компанийг түшиглэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Таван толгой түлш ХХК-ийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулан нийслэлийн хэмжээнд 586 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байна.
Хүндэтгэсэн,
Агуулга: агаарын бохирдол, хүхрийн давхар исэл, хүхэрлэг хий
Сэтгэгдэл