logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

Хүнсний шошго унших бүрт тааралддаг Е тэмдэглээ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг асуудал дээр ДЭМБ болон НҮБ-ын ХХААБ-ын экспертүүд хамтран эрсдэлийн үнэлгээ хийж ажилладаг. 

Хүнсний нэмэлтийн эрсдэлийн үнэлгээ хийхэд ОУ-ын зэрэглэлийн, хөндлөнгийн шинжээчдийн баг (JECFA) ажилладаг бөгөөд зөвхөн JECFA-н шинжээчид аюулгүй гэдгийг нь тогтоож, эрсдэлийн үнэлгээ нь хийгдсэн хүнсний нэмэлтийг ашиглахыг зөвшөөрдөг. Энэхүү эрсдэлийн үнэлгээг натураль байгалийн гаралтай болон нийлэгжүүлж гаргаж авсан бүх хүнсний нэмэлт дээр хийдэг. JECFA байгууллагын гаргасан эрсдэлийн үнэлгээг үндэслэн тухайн улсын эрх бүхий байгууллага өөрийн улсын нутаг дэвсгэрт хэрэглэх хүнсний нэмэлтийн жагсаалтыг өөрийн улс орны нөхцөл байдал, хүн амын эрүүл мэндтэй уялдуулан гаргаж, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй хэмжээнд хэрэглэхийг зөвшөөрсөн үндэсний стандартыг боловсруулж, заавал мөрдөж ажилладаг. 

Манай улс 2015 онд хүнсний нэмэлтийн  “MNS CAC 192:2015” стандартыг үндэсний хэмжээний баримт бичиг болгон баталсан. Улс болгон хүнсний нэмэлтийг янз бүрээр зарим нь жишээ нь ОХУ-д химийн нэршилээр нь, Европын Холбоо Е кодоор нь шошгондоо бичиж өгдөг.

Хүнсний нэмэлтийг амт үнэр сайжруулах, өнгө оруулах, хугацааг уртасгах, үл исэлдүүлэх, хэлбэр бүтэц оруулах зэргээр ашигладаг. Дэлхий дээр бүртгэгдсэн 2000 гаруй хүнсний нэмэлт бүгд сайн биш, бас бүгд муу биш. Улс орон бүр өөрсдийн хэрэглэж болохоо тогтоож стандартчилсан байдаг. Герман улс гэхэд 300 гаруй л нэмэлтийг хэрэглэж болохыг стандартчилж зааж өгчээ. Жишээлбэл Германд угаалгын бодист ордог E339 (натрийн фосфат) -ыг хүнс битгий хэл угаалгын бодист ашиглахыг хоригложээ. Учир нь бохир усаа дахин цэвэршүүлэхэд Е339 орсон бол хүндрэлтэй, цэвэршүүлэх зардал нэмэгдэж байсан учир хоригложээ. Гэтэл Монголд импортоор орж ирж байгаа бяслаг төст бүтээгдэхүүн (хиймэл бяслаг) -н найрлагад Е339 орсон байх жишээтэй. Иймд Монгол хүний эрүүл мэнд аль түвшинд үнэлэглэж байгааг логик дүгнэлт хийж болно. 

Импортын хүнснүүд тээвэрлэлтийн хол зам, урт хугацааг химийн нэмэлтүүдийн тусламжтайгаар, үндсэн орцыг орлуулах химийн нэмэлтүүдийн тусламжтайгаар хямд үнээр дэлгүүрийн лангуунд байрших боломжтой болдог. Өөрөөр хэлбэл хүний ходоод дүүргэхээс биш бие махбодийг тэжээн тэтгэх шим болж чадах нь ховор. 

2017 онд танилцуулсан Хүн амын хоол шим тэжээлийн байдал V судалгааны дүнгээр Монголчууд харагдах байдлаараа таргалалттай харин эсийн түвшиндээ шим тэжээлийн дутагдалд орж эс нь өлсгөлөнгийн зэрэгт байгааг тогтоосон. Энэ судалгаагаар 6-11 насны хүүхдүүдийн дундах таргалалт 6 жилийн дотор 7 дахин нэмэгдсэн, жирэмсэн эмэгтэйчүүд нь шим тэжээл дуталтай нь бодит болсон. 

Хавдар залуужих, хүүхдүүд настнуудад тохиолддог өвчнөөр өвдөх боллоо, нийгмийн сүлжээнд эмчилгээний хандив гуйх нь хэвийн үзэгдэл боллоо гээд тоочоод байвал энэ нийгмийн өвчний зовуур шинж тэмдэг хөвөрч өгнө. Өнөөгийн энэ нийгмийг бодгаль хүн гэж үзвэл тархи нь зугаа цэнгэлд донтчихсон, сонор мэлмий нь хов живэнд л сортос хийдэг, арьс нь идээ бээрэнд баригдчихсан, ядарч сульдсан биеэ дааж ядан гэрлийн зүг тэмтчиж байгаа мэт санагдах юм. 

Сайхан ирээдүй, сайхан нийгмийг бүтээхийн төлөө иргэн бүр үүргээ ухамсарлан үнэт цаг, сэтгэл оюунаа бусдын төлөө зориулж байгаасай гэж хүсэх байна.

Хүндэтгэсэн, Цахим Эмч

Хүнсний Е нэмэлтийг тодруулсан нь – “Цахим Эмч” подкаст #3

 

Фото түүх

Агуулга: , , , , , ,

Сэтгэгдэл