- Цус ойртолтоос сэргийлдэг уламжлалт монгол соёл, өнөөгийн байдал
Хүн төрөлхтөн гарвальзүйн ухаан буюу генетикийн шинжлэх ухааны үүсэж хөгжсөн эхлэлийг 1900-аад онтой холбон үздэг бол монголчууд түүнээс даруй 700 гаруй жилийн өмнө энэхүү ухааны талаар гүнзгий мэдлэгтэй байсныг түүхийн сурвалжууд гэрчилдэг. Тухайлбал,
- Их Чингис хаан: “Есөн үеэ мэдэхгүй бол зэрлэг хүн” хэмээн айлджээ.
- Перс түүхч Рашид-Ад-Дин: “… Монголчуудын заншил бол өвгө дээдсийнхээ удам угсааг санаж, төрсөн үр хүүхдүүддээ удам угсаагаа зааж сургадаг. Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс, угсаа, овог, аймгаа мэдэхгүй хүн ч үгүй бөлгөө”
- Д.Гонгор: “Монголчууд ураг төрлийн хүрээний есөн үе өнгөрмөгц тэр ураг удмынхан нийтээр цугларч ургийн мод – түүхээн дуудан сонсоцгоож тусгай баяр ёслол үйлдэн, ураг төрлийн холбоогоо хамааралгүй болсноо зарладаг байжээ”
хэмээн бичиж байжээ.
Бидний өвгө дээдэс ураг төрлийн хүрээнд цус ойртон гэрлэхээс сэргийлэхийн тулд аль болох хол нутаг, өөр овгоос бэр буулгадаг байсны зэрэгцээ угийн бичгээ аман болон бичгэн хэлбэрээр хөтөлж үр хүүхэддээ зааж сургадаг уламжлалт их соёлтой байв. Мөн дөрвөн аймаг бүхий засаг захиргааны том бүтэц нь хангай, говийг дамнан отор нүүдэл хийх явцад хол нутгийн залуус танилцал, дотнослын хүрээгээ өргөжүүлэх, ураг барилдах буюу нэг нутгийн цөөн хүн амын дотор алсуур цус ойртох үзэгдлийг задлан сааруулах нөхцөлийг хангасан сонгодог тогтолцоо байлаа.
Харамсалтай нь 1925 онд Монгол Улсын Засгийн Газрын нууц тогтоол гарч монгол хүн овгоо хэрэглэх, угийн бичгээ хөтлөхийг хорьсон байдаг. Тэр цагаас хойш бүхэл бүтэн 99 жилийн турш бид угийн бичгээ хөтлөлгүй эцгийн нэрийг овог болгон хэрэглэсээр ирэв. Нөгөө талаас Монгол Улсын нутаг дэвсгэрийг 21 аймаг, 330 сум, 1849 баг, хороонд[1] хэт жижиглэн хуваасан засаг захиргааны бүтэц өнөө цагт үйлчилж буй. Ийнхүү өргөн уудам нутаг дээрх цөөн хүн амыг засаг захиргааны жижиг бүлгүүдэд хувааснаас үүдэлтэй нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс олон үе удам дамнан өөр хоорондоо гэрлэсээр алсуур цус ойртолтыг илэрхий өсгөж байгааг популяцийн генетикийн судалгааны үр дүнгүүд нотолсоор байна.
[1] 21 аймагт 1645 баг, Улаанбаатарт 204 хороо
Засгийн Газрын 1997 оны 17 дугаар тогтоолын дагуу овог сэргээн тогтоох, шинээр овогжуулах ажил хийхдээ хэрэглэсэн аргууд нь нэг эцэг, эхийн үр удмыг өөр өөр овогтой болгосон; хоорондоо ураг төрлийн огт хамаагүй нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр ижил овогтой болсон; эцгийн овгийг өвлөн эхийн овгийг тооцох явдлыг орхигдуулсан зэрэг олон гажуудал үүсгэсэн нь цус ойртолтоос хамгаалах бус харин ч улам будлиантах буруу арга барил болж хувирсан юм. Өнгөрсөн хугацаанд монгол хүн өөрөөсөө дээш 9 үеийн хүрээнд ураг төрлийн холбоо бүхий хүмүүс өөр хоорондоо гэрлэж цус ойртохгүйн тулд угийн бичгээ хатуу чанд хөтлөн хэрэглэдэг байсан монгол заншил бүрмөсөн алдагдсан.
- Хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн байдал
Хүн амын генетикийн шинжлэх ухааны тооцооллын аргаар Монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшинг судлахад өөрөөс дээш 3-4 дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг цус ойртолтын түвшин (FIT=0.0651) тогтоогдсон. Хэрэв хүн амын дотор цус ойртолт байхгүй бол FIT коэффициент “0”-тэй тэнцүү байдаг. Гэтэл Монгол Улсын аймаг бүрийн хүн амд тооцоолсон нийт цус ойртолтын FITкоэффициент “0”-ээс ялгаатай буюу 0.0223 – 0.1145-ын хооронд хэлбэлзэж дундаж нь 0.0651 байна. Энэ нь дунджаар нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс удмын сангийнхаа 6.51%-иар ижил цустай болсныг гэрчилж буй хэрэг юм.
Аймаг бүрийн хүн амд цус ойртолт илэрч, тухайн хүнээс дээш 4 дэх үе (би → эцэг, эх → өвгө эцэг, эмгэ эх → элэнц өвгө, эмгэ → хуланц өвгө, эмгэ) буюу хуланцын түвшиндээ цусан төрлийн холбоотой үр удмууд хоорондоо гэрлэх үзэгдэл түгээмэл болжээ. Энэ байдал нь монголчууд бид авга, нагац өвөө эмээгээсээ дээш өвгө дээдсийнхээ тухай мэдээлэлгүй болсонтой шууд холбоотой бөгөөд залуус “бид цусан төрлийн холбоогүй” гэсэн таамгаар гэрлэж байна.
- Хүн ам дахь гэрлэлтийн тогтолцоо
Хүн ам дахь гэрлэлтийн байдалд хийсэн судалгаагаар: хөдөөгийн багийн хувьд нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85,4%, нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 73,9%, нэг аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 86,1%-ийг тус тус эзэлж байгааг илрүүлсэн бөгөөд нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс хоорондоо гэрлэх үзэгдэл ийнхүү илт давамгайлах болсон нь хүн амын дотор шууд болон алсуур цус ойртолтын түвшинг өсгөх ноцтой шалтгаан болж байна.
- Хүн амын удмын сангийн аюулгүй байдалд цус ойртолтын нөлөө
Цус ойртолт нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Манай хүн амын дотор цус ойртолтын шууд үр дагавар болох оюуны хомсдол, төрөлхийн хөгжлийн гажиг, согогийн илрэл түгээмэл ажиглагдаж, хүн амын өвчлөл учир битүүлэг шалтгаанаар жил ирэх тутам улам нэмэгдэх боллоо.
Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод 2005-2009 онд шинээр төрсөн хүүхдүүдийн дунд төрөлхийн хөгжлийн гажигтай 689 хүүхэд байжээ. Төрөлхийн хөгжлийн гажгийг хэлбэрээр нь авч үзвэл: Зүрхний гажиг, Уруул сэтэрхий, Уруул, тагнай хоёул сэтэрхий, Зөөлөн тагнай, хүүхэн хэл хоёул сэтэрхий, Зөөлөн тагнайгүй, Хошного битүү, Хэвлийн урд хана хөгжөөгүй, Тархины усжилт, Нугасны эвэрхий, Олон эрхтэн тогтолцооны гажиг зэрэг 10 төрлийн гажиг илэрсэн байдаг. Гэтэл 2015 он, 2016 оны эхний хагас жил буюу нэг жил 6 сарын хугацаанд Монгол Улсад төрөлхийн хөгжлийн гажигтай нийт 1280 хүүхэд төрсөн ба энэ нь шинээр мэндэлсэн хүүхдүүдийн 0,8 хувийг эзэлж байгаагаас үзвэл төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна.
- Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд цус ойртолтын нөлөө
Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын баталсан өвчний олон улсын X ангилал нь хүн төрөлхтний өвдөж буй бүх өвчнийг 19 бүлэг, 202 хэсэгт ангилж хуваасан байдаг. Монгол Улс 1996 оноос эхлэн өвчний олон улсын X ангиллын дагуу хүн амын өвчлөлийн статистик мэдээллийг гаргадаг болсон. Энэхүү ангилалд багтсан 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар монгол хүн өвдөхөд цус ойртолтын өнөөгийн түвшин ноцтой нөлөөлж байгаа нь шинжлэх ухааны судалгаагаар хөдөлбөргүй тогтоогдсон юм. Тухайлбал, регрессийн шинжилгээний дараах үр дүнгээс (Зураг 1) харахад хэвтээ тэнхлэгийн дагуу цус ойртолт ихсэхийн хэрээр босоо тэнхлэг дээрх бүх төрлийн өвчлөл (19 бүлэг өвчин) шугаман хамааралтай өсөж байна.
Зураг 1. Цус ойртолт ба өвчлөлийн шүтэлцээ
- Халдварт ба шимэгчит зарим өвчин
- Хорт хавдар
- Цус, цус бүтээх эрхтний өвчин ба дархлааны механизм хамарсан зарим эмгэг
- Дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчин
- Сэтгэцийн ба аягийн эмгэгүүд
- Мэдрэлийн тогтолцооны өвчин
- Нүд, түүний дайврын өвчин
- Чих ба хөхөнцрийн өвчин
- Цусны эргэлтийн тогтолцооны өвчин
- Амьсгалын тогтолцооны өвчин
- Хоол шингээх тогтолцооны өвчин
- Арьс, халимын өвчин
- Яс булчингийн тогтолцоо, холбох нэхдэсийн өвчин
- Шээс, бэлгэсийн тогтолцооны өвчин
- Жирэмслэх, төрөх, төрсний дараах үе
- Төрөх тойрны үед үүсэх оёг
- Төрөлхийн гажиг, хэв гажил, хромосомын эмгэг
- Өөр бүлэгт ангилаагүй хам шинж, эмнэлзүйн ба лабораторийн шинжилгээний гаж үзүүлэлтүүд
- Бэртэл, хордлого ба гадны шалтгаант бусад үр дагавар
6. Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх тулгамдсан шаардлага
Ураг төрлийн хүрээнд цус ойртон гэрлэхээс сэргийлэхэд хэрэглэдэг байсан монголчуудын уламжлалт их соёл эдүгээ бүрмөсөн алдагдаж, иргэний үнэмлэх дээр бичигдсэн бидний ургийн овог цус ойртохгүй гэрлэх баталгаа болж чадахгүй гэдгийг дээр дурдсан баримтууд нотолж байна.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргааны хуваарь хүний хөдөлгөөнийг тэтгэх биш харин ч улам түгжих тогтолцоо болж хувирсан өнөөгийн нөхцөлд хүн амын дотор нэгэнт бий болсон цус ойртолтоос гарах, цаашид нэмэгдэхээс хамгаалахын тулд угийн бичгээ хөтлөхөөс өөр арга зам бидэнд үлдсэнгүй.
Гэхдээ хэн нэг мэргэжлийн бус хүний заавраар юмуу өөрийн бодсоноор гэрийн угийн бичгээ хөтлөх бус мэргэжлийн эрдэмтдийн боловсруулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв аргыг баримтлах нь зүйтэй. Учир нь авга өвөө, авга эмээ, нагац өвөө, нагац эмээ гэсэн дөрвөн баганаар өөрөөс дээш есөн үеэ бүтэн мэддэг болох “генетик угийн бичиг”-ийг зөв үйлдэж сурснаар хань ижлээ сонгохдоо цус ойртохгүй байх найдвартай боломж бүрдэх юм.
Өгүүллийг бичсэн,
АУ-ны доктор Э.Энхмаа (Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратеги судалгааний хүрээлэн, Ахлах шинжээч)
Цус ойртолт – “Цахим Эмч” подкаст #27
Сэтгэгдэл