НЭРС – ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛДЭЛТЭЙ
Цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг
Эд эсэд бодисын солилцоо явагдах энергийн эх үүсвэрийг хоол хүнснээс авдаг. Бидний идсэн хоол хүнс (нүүрс-ус) нь хоол боловсруулах замаар задарсаар цусанд глюкоз хэлбэрээр очино. Цусан дахь глюкоз нь эсэд нэвтэрч энергийн эх үүсвэрийн үүргээ гүйцэтгэдэг. Цусанд байх глюкоз шууд эсрүү нэвтэрч чаддаггүй. Глюкозыг эсрүү нэвтрүүлдэг гол түлхүүр нь нойр булчирхайн бета эсээс ялгарах инсулин хэмээх дотоод шүүрлийн даавар юм. Инсулин нь эсийн мембран дээрх инсулины рецептортой холбогдсоноор глюкозыг эсрүү нэвтрүүлэх GLUT4 хэмээх хаалга нээгдэнэ. Ингэснээр глюкоз эс дотор орж бодисын солилцоонд оролцдог юм.
Чихрийн шижин II хэв шинжийн үед инсулины дутагдал, инсулин мэдрэг чанар буурах гэсэн 2 ойлголт гарч ирдэг. Инсулины дутагдал гэдэг нь нойр булчирхайгаас инсулин ялгарахгүй болсноор цусан дахь глюкоз эсрүү нэвтрэн орж бодисын солилцоонд оролцож чадахгүй болж цусанд идэвхгүй хэлбэрээр эргэлдэхийг хэлнэ. Харин инсулин мэдрэг чанар буурах гэдэг нь эсийн мембран дээр байх инсулины рецептор нь инсулиныг таньж чадахгүй болж улмаар глюкозыг эсэд нэвтрүүлдэг GLUT4 хаалга нээгдэхгүй болохыг хэлж байгаа юм.