logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ
Анагаах ухаанд 3 төрлийн цангалт үүсдэг гэж үздэг. Нэг дэхь төрөл нь хуурамч цангалт. Энэ нь амны хөндийн салт бүрхэвч хатах үед рецептор цочирсноор цангаж байгаа мэт болно. Энэ үед амыг норгох, багахан хэмжээний шингэн уухад цангах мэдрэмж арилдаг үүнийг хуурамж цангалт гэнэ. Хоёрдахь төрлийнх нь ходоодны барорецептортой холбоотой. Ходоод хоосон шалчийгаад ирэх үед цангах мэдрэмж үүснэ. Энэ мэдрэмжийг зарим хүмүүс өлсөх мэдрэмжтэй андуурч хооллох нь олонтоо байдаг. Ходоод хоосноос үүсэх цангалт нь ходоодны хананы булчингийн чангарлаас үүсдэг тул мөн адил хуурамч цангалт гэж үздэг. Энэ үед шингэн уухад ходоод тэлэгдэж цангаа арилдаг. Гурав дахь төрлийн цангалтыг шинхэнэ цангалт гэнэ. Энэ нь эсийн түвшинд ус эрдсийн харьцаа алдагдсанаар үүснэ. Энэ үед цэвэр ус уусан ч цангаа арилахгүй. Харин энэ үед ус, эрдсийн зохистой харьцаа бүхий изотоник уусмал ууснаар цангаа арилна. Ингээд хүний бие хэрхэн ус, эрдэсээ алддаг талаар дэлгэрүүлж тайлбарлаж өгье.
Хүний биеийн 75 хувь нь ус шингэнээс тогтдог гэж үздэг. Хүний бие дэх ус нь эсийн дотор болон эс завсар харилцан тэнцвэртэйгээр оршино. Энэхүү тэнцвэрийг хадгалдаг гол зохицуулагч нь Натри, Калийн шахуургын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл эсэд шингэнийг нэвтрүүлэх, эсээс шингэнийг гадагшлуулахад натри, кали электролит оролцдог. Бодисын солилцоо эсийн дотор явагдана. Ингэхдээ эсийн доторх шингэн орчинд өрнөнө. Натри, кали электролитийн тэнцвэр алдагдсанаар эс дотор бодисын солилцоо хямралд ордог. Үүний гадаад илрэл нь ам цангах, арьс хуурайших, арьс үрчийх, булчингийн ажиллах чадвар буурах, шөрмөс татах, амархан ядрах, зүрхний цохилт олшрох, артерийн даралт хэлбэлзэх, толгой өвдөх, сэтгэн бодох чадвар удаашрах зэрэг шинжүүд илэрдэг. Хүний бие эрдэсээ хөлсөөр, шээсээр, суулгаснаар их хэмжээгээр алддаг.
ХӨЛСӨӨР…
Халуун орчинд удаан хугацаанд ажиллах, дасгал хөдөлгөөн хийх үед хөлс ихээр ялгарна. Энэ үед хөлсөөр эрдэсээ алдаж байдаг. Хөлсний найрлагад натри, хлор, кали, магни, кальци зэрэг электролит байдаг. Дунд эрчимтэйгээр дасгал хөдөлгөөн хийхэд 1 цагт 1-3 литр хөлс ялгаруулдаг. Энэ үед 1380-5520мг натри хөлсөөрөө алдаж байдаг. Хүний бие нийт шингэнийхээ 1% -ийг алдахад цангах мэдрэмж үүсдэг. Өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчид бэлтгэлийн дараа их цангадаг. Энэ үед цэвэр ус уугаад цангаа гарахгүй байна гэцгээдэг нь электролитоо нөхөж чадахгүй байгаатай холбоотой. Бас бэлтгэл сургуулилтийн үед бидний хэлж заншсанаар шөрмөс татах нь элбэг. Үнэндээ энэ нь шөрмөс татах бус булчингийн актин миозин уургийн агших сунах үйл явц алдагдаж булчин агшиж чангарч хатуурах үйл явц юм. Булчингийн агших сунах үйл явцад кали, кальцийн оролцоотойгоор явагддаг. Иймд алдсан электролитээ нөхөж чадаагүйгээс дээрх шинж илэрдэг. Мөн зүрхний булчин кали дутагдахад мэдрэгээр хүлээж авдаг. Кали дутагдахад зүрхний цохилт олшрох, артерийн даралт хэлбэлзэх шинжүүд илэрдэг.
ШЭЭСЭЭР…
Анагаах ухаанд хаван ихтэй хүнд шээс хөөх эм хэрэглэж биед хуримтлагдсан шингэнийг гадагшлуулдаг. Энэ үед шээсээр электролитээ ихээр алддаг. Эмнээс гадна шээс хөөдөг хүнс бас бий. Кето диет, кофе болон архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх үед шээсээр электролитээ ихээр алддаг. Миний хувьд кофе хэтрүүлэн хэрэглэх даруйд уруул хатаж хуурайших шинж илэрдэг. Энэ нь эрдэсээ алдаж эсэд шингэний дуталд орж байгаагийн гадаад илрэл юм. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст маргааш нь ам цангах шинж илэрдэг нь шингэнээ алдсаны шинж билээ.
СУУЛГАЛТААР…
Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа шингэнээр хүндрэхийг хэлдэг. Бага насны хүүхдүүд суулгалтанд маш мэдрэг. Хүүхдийн өвчний цогц менежментэд суулгаж буй хүүхдийг үнэлэхдээ тайван бус цочромхой байгаа эсэх, унтаарсан эсэх, нүд хонхойсон эсэх, арьсны хуниас арилахдаа удаж байгаа эсэхийг шалгадаг. Суулгаж буй хүүхдэд нэн даруй шингэн сэлбэх давсны уусмал мөн цайр нэмэлтээр өгөхийг эмч нар зөвлөдөг. Цайр нь нарийн гэдсээр ус эрдэс давс шимэгдэхэд нэн тустайгаас гадна бодисын солилцоо, дархлаа тогтолцоонд чухал үүрэгтэй тул цайрыг нэмж зөвлөдөг юм.
Хөлсөөр, шээсээр, суулгалтаар шингэнээ алдах үед зөвхөн ус ууснаар шингэн нөхөгддөггүйг тайлбарлахыг хичээлээ. Энэ үед ус, эрдэс зохистой харьцаагаар агуулсан шингэн нөхөх изотоник уусмал уух нь чухал.
Кето диетын үед изотоник ундаа хэрэглэ, кофе уугаад изотоник ундаа хэрэглэ, архи согтууруулах ундааны дараа изотоник ундаа хэрэглэ, спортын бэлтгэлийн дараа изотоник хэрэглэ, суулгалтын үед изотоник уусмал хэрэглэ гэж зөвлөж байна.
Хүндэтгэсэн,
Агуулга: , , , , , , , , ,

Сэтгэгдэл