Сүүлийн хорин жилд дэлгэцийн хэрэглээ огцом өссөн нь хүүхдийн танин мэдэхүй, анхаарал төвлөрөл, зан төлөв, сэтгэл хөдлөлийн зохицуулалт зэрэг олон хүчин зүйлд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар олон улсын судлаачид анхаарч эхэлсэн. Тархины химийн бодисууд, тэр дундаа допамины ялгаралт, шагналын системийн идэвхжил нь хүүхдийн насан дээр илүү мэдрэг, хяналтгүй ажилладаг онцлогтой. Энэ удаад допамины биологийн үүрэг, хүүхдийн тархины хөгжлийн онцлог, дэлгэцийн хэрэглээний нөлөөлөл, сэтгэл зүйн эрсдэл болон боломжит зохицуулалтын талаар мэдээлэл хүргэе.
Допамины үүрэг ба шагналын систем
Допамин нь төв мэдрэлийн тогтолцооны нейротрансмиттер бөгөөд тархины mesolimbic pathway-д буюу шагналын системд хамгийн идэвхтэй ажилладаг (Volkow et al., 2011). Допамин нь хүлээлт, сэтгэл ханамж, мотиваци, давтамжтай үйлдэлд хариу үзүүлэхэд оролцдог (Wise, 2004). Товчхондоо, аливаа үйлдэлд “урамтай, тааламжтай” ханддаг болгох механизмыг идэвхжүүлдэг бодис юм.
Хүүхдийн тархины хөгжлийн үеийн онцлог
Хүүхдийн тархи насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад физиологийн хувьд бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг. Тархины “Prefrontal cortex” буюу өөрийгөө хянах, шүүн тунгаах төв нь 20 гаруй насанд бүрэн хөгждөг (Casey et al., 2008). Тархины энэ хэсэг болон мэдрэлийн синапсын бүтэц үүрэг бүрэн хөгжөөгүй нь хүүхдийг хурдан шагналд хэт мэдрэг, өөрийгөө хянах чадвар султай болгож өгдөг (Steinberg, 2005).
Дэлгэцийн хэрэглээ ба допамины хариу урвал
Орчин үеийн дэлгэцийн контентууд youtube бичлэг, видео тоглоом, сошиал мэдэгдэл бүгд маш хурдан, тасралтгүй, хялбар хүрч болох шагналт өдөөлт өгдөг. Энэ нь допамины огцом ялгаралт үүсгэж, шагналын системийг бүрэн хөгжөөгүй тархитай хүүхдүүдийн хувьд хэт идэвхжүүлдэг (Christakis, 2019).
NIH (2019)-ийн MRI судалгаагаар өдөрт 7 болон түүнээс дээш цаг дэлгэц хэрэглэдэг 9–10 настай хүүхдийн тархины зарим хэсэг, тэр дундаа prefrontal cortex, нимгэрч байгаа нь ажиглагдсан (Dowling et al., 2020).
Сэтгэл зүйн нөлөөлөл ба зан төлөв
Хэт их допамин ялгаралт нь хүүхдийн төвлөрөл, тэвчээр, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадварт шууд сөргөөр нөлөөлдөг. Допамины тогтмол идэвхжил нь тархийг “өндөр шагнал хүлээх” горимд дасгаж, өдөр тутмын амьдралын жирийн үйл явцыг утгагүй мэт мэдрэмж төрүүлдэг (Montague et al., 2004).
Twenge & Campbell (2018) нь өсвөр үеийнхний дунд дэлгэцийн хэрэглээ 4 цаг давсан тохиолдолд сэтгэл гутрал, анхаарал сарних, нойргүйдэл илэрч байгааг тогтоосон.
Шийдэл ба урьдчилан сэргийлэлт
Хүүхдийн тархины эрүүл хөгжилд ухаалаг хэрэглээ, тэнцвэртэй орчин чухал. Судлаачид дараах чиглэлүүдийг зөвлөдөг:
- Допаминыг байгалийн аргаар идэвхжүүлэх: Биеийн хөдөлгөөн, урлаг, нийгмийн харилцаа (Biddle et al., 2011)
- Дэлгэцийн хязгаарлалттай хэрэглээ: AAP (2022) нь 6–12 насны хүүхдийн хувьд өдөрт 1–2 цагийг л дэлгэцийн хэрэглээнд зориулахыг зөвлөдөг.
- Өөрийгөө хянах чадварыг сургалтын орчноор дамжуулан дэмжих (Diamond & Lee, 2011)
Хүүхдийн тархи уян хатан, хурдан суралцдаг боловч дотоод хяналтын тогтолцоо нь сул байдаг. Иймд допамины систем хэт идэвхжих үед тэдний сэтгэл зүй, мэдрэлийн хөгжлийг сааруулж болзошгүй. Дэлгэцийн хэрэглээг зөв удирдах нь хүүхдийн мэдрэлийн эрүүл мэнд, суралцах чадвар, зан төлөвт эерэг нөлөөтэй урт хугацааны үр дүн авчрах үндэс болно.
Эшлэлүүд (References)
-
Biddle, S. J., Gorely, T., & Stensel, D. J. (2011). Health-enhancing physical activity and sedentary behavior in children and adolescents. Journal of Sports Sciences, 29(6), 475–490.
-
Casey, B. J., Tottenham, N., Liston, C., & Durston, S. (2008). Imaging the developing brain: what have we learned about cognitive development?. Trends in cognitive sciences, 9(3), 104–110.
-
Christakis, D. A. (2019). The challenges of defining and studying “digital addiction” in children. JAMA, 321(23), 2277–2278.
-
Diamond, A., & Lee, K. (2011). Interventions shown to aid executive function development in children 4 to 12 years old. Science, 333(6045), 959–964.
-
Dowling, G., et al. (2020). Adolescent Brain Cognitive Development (ABCD) Study. NIH Database.
-
Montague, P. R., Hyman, S. E., & Cohen, J. D. (2004). Computational roles for dopamine in behavioural control. Nature, 431(7010), 760–767.
-
Steinberg, L. (2005). Cognitive and affective development in adolescence. Trends in cognitive sciences, 9(2), 69–74.
-
Twenge, J. M., & Campbell, W. K. (2018). Associations between screen time and lower psychological well-being among children and adolescents. Preventive Medicine Reports, 12, 271–283.
-
Volkow, N. D., Wang, G. J., Fowler, J. S., & Tomasi, D. (2011). Addiction: beyond dopamine reward circuitry. Proceedings of the National Academy of Sciences, 108(37), 15037–15042.
-
Wise, R. A. (2004). Dopamine, learning and motivation. Nature Reviews Neuroscience, 5(6), 483–494.
Агуулга: донтолт, допамин, допамин детокс, сошиал медиа, сэтгэл зүй, тархины хөгжил, хүүхэд
Сэтгэгдэл